Эх болсон байгаль дэлхийгээ хайрлая, Монгол орны байгалийн сонин хачнаас

 Байгаль эвдэн сүйрч, гамшиг ихээр тохиолдож байгаа нь эцсийн бүлэгтээ хүн төрөлхтний, хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа билээ.

Тиймээс эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах, үзэсгэлэнт онгон дагшин байгаль ямар сайхан байдгийг бага ч гэсэн мэдрүүлэхийн тулд  Монгол орныхоо байгалийн сонин хачин, үзэсгэлэнт газар нутгийн тухай мэдээллийг хүргэж байна.

Говийн хангай. Говь нутаг дахь ус, ургамал жигдэрсэн хэсэг газрыг баянбүрд гэнэ. Говьчуул түүнийг “Говийн хангай” ч гэж нэрлэх нь бий. Баянбүрдийн жилийн дөрвөн улирлын ус, ургамлын таатай нөхцөл нь тэнд хавтгай, хулан, тахь, мазаалай зэрэг амьтдын амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Монголын говьд 80 гаруй ийм баянбүрд бий гэж судлаачид тогтоосон бөгөөд эдгээрийн ихэнх нь говийн их дархан газар, говийн бага дархан газар, говь Гурвансайханд буй.

Ёлын ам. Өмнөговь аймгийн нутаг Гурван сайхан уулын Зүүн сайхан уулыг зүүн хойш сэтлэн урссан горхины хавцалд өнө удтал ёл шувуу үүрлэн нутаглаж ирсэн учраас Ёлын ам гэж нэрлэгджээ. Энэ хавцал зургаан км орчим үргэлжилж уулаа огтлон талд гарна. Хангайг говьд аваачсан мэт тунгалаг ус, нов ногоон зүлэг, анхилам сайхан арц сонгинын үнэрт үзэсгэлэнт хавцлын сүрлэг хадан цохиодын дээгүүр ёл шувуу эргэлдэн, аргаль, янгир сэрийлцэн байх нь үнэнхүү гайхамшиг. Хавцалд тогтсон зузаан мөсөн доогуур горхи хоржигнон урсах нүхэн доогуур хүмүүс мөлхөн гарах бөгөөд мөс нь хайлалгүй жил өнжих нь олонтаа. Төв хэсэгтээ 300 орчим метр элгэн ханат хавцлын ам эхэндээ тавиун байснаа нарийссаар дунд хэрдээ хүн зөрөхөөргүй нарийсдаг. Үзэсгэлэн төгс Ёлын ам хаа газрын гийчдийн саатан сонирхдог газрын нэг болжээ.

Монгол орны голомт буюу төв цэг. Айл гэрийн голомт тулсан тулга нь голд байдаг. Тэгвэл улс орны маань газар зүйн голомт буюу төв цэг хаана байдаг вэ. Монгол орны газар зүйн төв цэг нь Өвөрхангай аймгийн Бүрд сум Сант уулын зүүн урд булгийн эхэнд оршдог аж. Үүнийг газарзүйч Ш.Шагдар 1978 онд тогтоосон бөгөөд тэнд өдгөө суварга бүхий цогцолбор барьжээ.

Монгол орны хамгийн өндөр цэг нь 4374 м өргөгдсөн Алтай таван богдын Найрамдал оргил юм.

Харин хамгийн нам дор газар нь 560 м өргөгдсөн Хөх нуурын эрэг гэнэ.

Монголын хамгийн том говь. Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км талбай эзэлдэг юм байна.

Хамгийн их элс. Манай улсын хамгийн их талбай эзэл­дэг элс нь Бөөрөгдэлийн элс юм. Энэ элс 45 км өргөн, 180 км урт үргэлжилдэг.

Дэлхийн мөнх цэвдгийн урд зах. Баянхонгор аймгийн Эрдэнэ­цогт сумын нутаг Дарагт уулын баруун урд оршдог. Энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид үздэг байна.

Монгол орны хамгийн урт гол. Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.

Монгол орны хамгийн том мөрөн нь Байгаль нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Дурдсан уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг. Уг мөрний ус цуглуулах талбай нь 447000 км аж.

Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм.

Манай орон олон нууртай. Монгол орон 4000-аад нууртай. Эдгээрийн нийт талбайн хэмжээ 15640 ам.км.

Монгол орны хамгийн том тогтмол нуур. Монгол орны хамгийн том тогтмол нуур нь Увс нуур юм. Усны талбай нь 3350 км.

Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур. Усны талбай нь 2770 км. Монголд төдийгүй Төв Азид хамгийн гүн (267.2 м) нуурт ордог. Нийт 403 цутгалтай Хөвс­гөл нуурын усны найрлага Бай­галь нууртай төстэй, тунгалгаа­раа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны “Хөх сувд” хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаа­шаа 136 км, өргөөшөө 37 км юм байна.

Монгол орны усны хагал­барын гол голомт. Монгол орныг дэлхийн гурван ай савын усны хагалбар гэдэг. Тэгвэл эдгээрийн хамгийн гол хагалбар нь Хэнтийн нурууны үргэлжлэл Цогтчандмань уул юм. Энэ уулын араас буусан ус Туул голоор дамжин Хойд мөсөн далайд нийлнэ. Харин зүүн урдаас буусан ус Хэрлэнгээр дамжин Номхон далайд, баруун урд талаас буусан ус нь дотоодын урсгалгүй савд орж нийлдэг байна.

Монгол орны хамгийн том мөсөн гол. Монгол орны мөнх цаст уулсын мөсөн голуудаас хамгийн том нь Алтай таван богд уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км байдаг аж.

Хамгийн өндөр хүрхрээ. Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдаг уулаас эх аван урсдаг Арсайн голд манай улсын хамгийн өндөр хүрхрээ буй. Энэ хүрхрээний ус 70 м өндрөөс буудаг.

Монгол орны хамгийн том тал. Нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад км талбай эзэлдэг Дорнодын тал ажгуу. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэ тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, хунх нугачаа үл тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө, атар онгон ийм тал дэлхийд ховор байдаг.

Уур амьсгалын тэгш хэмт орон. Монгол орон уур амьсгалын хувьд тэгш хэмийн хувиарилтат бүхий нутагтай. Бөмбөрцгийн хойд хагасын 47 градусын өргөрөг, зүүн уртрагийн 104 градусын огтлолцоогоор монгол нутаг үндсэндээ дөрвөн тэгш хуваагддаг байна.

Монгол орны уур амьсгалын хос багана. Монгол гэрийн хоёр багана шиг монгол орон уур амьсгалын босоо бүслүүрийн хос хоёр баганатай гэнэ.

Монгол орны хамгийн их хур тунадаст нутаг нь Хэнтий аймгийн Дадал сум юм. Энд жилд 387 мм тунадас унадаг бол Монгол орны хамгийн бага тунадас унадаг газар нь Говь-Алтай аймгийн Захуй сумын нутаг юм. Энд жилд дөнгөж 45 мм тунадас унадаг байна.

Хамгийн ариун агаарын орон. Хүний биед хамгийн тохиромжтой харьцангуй чийглэг 30-70 хувь гэж үздэг. Тэгвэл монгол орны агаарын харьцангуй чийглэгийн жилийн дундаж хэмжээ түүнтэй тохирдог байна. Ийм хуурайшилтай агаарт янз бүрийн бактерийн үржил тун бага байдаг. Энэ нь монгол орны уур амьсгалын нэг сайн тал юм. Тэгээд ч “Агаарын ариухан нь хөдөө юм аа хө” гэж дуунд дуулагдах болсон биз.

Монгол нутгийн тулгын гурван чулуу. Монголын хуучны хүрээ хийдүүд: Дамбадар­жаалин, Амарбаясгалант, Эрдэнэзуу гурван хийд нь хоорондоо адил 300-аад км-ийн зайтай баригдсан тул эдгээрийг монгол нутгийн тулгын гурван чулуу гэж нэрийддэг байжээ.

Монгол орны биологийн нөөц. Монгол орны ургамал, амьтан, тухайлбал манай оронд тэмдэглэгдээд байгаа 4000 гаруй зүйл дээд цоорт ба доод ургамал. 15000 гаруй зүйл шавж. 600 гаруй зүйл элдэв сээр нуруутан амьтад хийгээд ус болон хөрсөнд амьдардаг олон зүйлийн сээр нуруугүй жижиг амьтдаас монгол орны биологийн нөөц буюу биомасс бүрддэг байна.

Гурван зуун богд. Монголд Богд гэдэг үг орсон уул 300 бий гэж газарзүйч Ш.Шагдар бичсэн байдаг. Эдгээр богдуудын дотроос хамгийн өндөр нь Алтай таван богд юм. Түүний оргил далайн түвшнөөс дээш 4374 м өндөр өргөгдсөн.

Дэлхийн байгалийн ес дэх гайхамшиг гэлтэй. Бразил улсын Риу-Негри болон Амазонк мөрний уулзварыг онгоцноос харахад Негругийн ус нь хар, Амазонкийн ус шар өнгөтэй харагддагаас “Дэлхийн бай­галийн найм дахь гайхамшиг”-т тооцогддог. Үүн лүгээ адил Мон­голын Алтай Таван богдын мөсөн голуудын цагаан тоос шороо, лаг шаврын зүйлийг урсгадаг Ца­гаан гол, Ховд голтой нийлсний дараа зүүн эргийн ус нь сүүн цагаан, баруун эргийнх нь хар өнгөөр ялгарч урсдагийг нисэх онгоц хэрэглэлгүйгээр тод ажиг­лаж болдгийг дэлхийн байгалийн ес дэх гайхамшиг гэлтэй.

Анхны дархан цаазтай уул. Улаанбаатар хотын дэргэд орших Богдхан уул монголын төдийгүй дэлхийн хамгийн ууган дархан газруудын нэг юм. Энэ уулыг 700 гаруй жилийн тэртээ буюу Хэрэйдийн Тоорил вангийн үеэс дархан уул гэж үзэж тэнд мод огтлох, ан хийх, газар ухахыг хориглож байжээ. Түшээт хан Юндэндоржийн санаачилгаар 1778 онд Богдхан уулыг албан ёсоор дархалж, 28 амыг нь тусгай харуултай болгожээ.

Шөнө урсч, өдөр татардаг гол. Говь нутгийн Эхэн Зулганай гэдэг жижиг гол шөнө урсч, өдөр нь татарч хуурайшдаг байна. Уг нутагт шөнийн цагт харьцангуй хүйтэн, ууршилт багатай байдаг. Өдрийн цагт голын усны ууршилт нэмэгддэгтэй холбоотой аж.

Далан гурав дахин гатлуулдаг горхи. Ховд аймгийн Манхан сумын нутаг “Ботгон хавцал”-ын дундуур Гулз, Залаатын горхиуд нийлж урсдаг. Хавцлаар зорчигсод уг горхийг 73 дахин гаталдаг гэнэ.

Байгалийн “Элгэн тараг”. Завхан аймгийн нутаг Отгон-тэнгэр уулын өвөрт мөстлөгийн гүн хунх хадан хонхорт тогтсон Бадар хундага нуурын хавьцаа цагаан шаргал өнгийн, гаж буруу үнэр амтгүй элгэн тараг шиг шавар байдаг гэнэ. Түүнээс уусан идсэн хүний бие чийрэг­жиж нас нь уртасдаг гэлцэнэ.

Хүрэмийн боом. Говь-Алтай аймгийн Халиун сумын Овооны нурууны баруун хойд салааны хүрмэн хадан дундуур гарсан замыг Хүрэмийн боом гэнэ. Хүн зассан мэт сонин тогтоцтой энэ ташлангаар ууланд явж сайтар дассан мориор юм уу бага зэргийн нуруу ачсан сарлаг л давдаг байна.

Жаран тогоот. Баянхонгор аймгийн нутагт Их богд уулын үргэлжлэл Жаран (Жаран тогоо) хэмээх хүрмэн чулуун уул бий. Бороотой үед эдгээр тогоо нь усаар дүүрч Жаран нуур цөөрөм тогтон нутгийн хүн, мал, адгуус амьтныг ундаалж тав тухыг нь хангадаг гэнэ.

Соёмбот уул. Хөвсгөл айм­гийн Чандмань-Өндөр сумын нутаг Цэгэрийн голын аманд Соёмбот хэмээн нэрлэгддэг уулын энгэр дээр соёмбыг 50×25 метр хэмжээний талбайд долоон өнгийн чулуу орж бүтээсэн байдаг. Уг соёмбыг XIX зууны үед урласан гэж судлаачид үздэг.

Хос тахилгатай овоо. Ар­хангай аймгийн Тариат сумын нутаг Тэрхийн цагаан нуурын хойд эрэгт одоо байхгүй болсон нэгэн овоог эхлээд бөө нар, дараа нь буддын шашин дэлгэр­сэн цагаас хойш шарын болон бөөгийн шашныхан хамтран нийлж тахин идээ шүүс өргөдөг байжээ. Энэ ёслол 1930-аад он хүртэл уламжлагдаж мөн оны дундуур шашингүйн үзэлтнүүд овоог нурааснаар тасалджээ.

Бэлтгэсэн Т.ДАШМАА http://www.niigmiintoli.mn

2011-08-15, 07:31
     Гэр бүлийн уур амьсгал бол таны амьдралын суурь үндэс билээ. ...