ЦАГААН САР

Мөнх хөх тэнгэрээ шүтэж, газар лусаа бишрэн таван хошуу малаа адгуулан амьдарч ирсэн нүүдэлч Монголчуудын хамгийн том баяр нь хаврын эхэн сарын шинийн нэгэн буюу Цагаан сарын баяр юм. Цагаан сарын шинийн нэгний өмнөх өдрийг битүүн хэмээж хуучин оноо үдэж, шинэ жилээ угтахын бэлтгэлээ базаана. Битүүнд гэр орноо цэмбийтэл цэвэрлэж, гурван удаа тогоолно. Цагаан будаа чанаж, тос холин, үдэш бууз хуушуур хийж айл хотлынхноо идээ ундааны дээжээр дайлна. Тухайн өнгөрөн улирагч жил хэрэлдэж муудалцсан нэгэнтэйгээ ямар нэгэн хар буруу санаагүйгээ илэрхийлж найрамдахын тамхийг хувааж татдаг ёс одоо ч хэвээрээ байна. Битүүний үдэш эд баялгаар арвин, эрүүл жаргалтай амьдралыг ивээн тэтгэгч Лхам бурхны унаа моринд хүлхүүлэх ундаа болгож  тунгалаг өнгөт гурван мөсийг гэрийнхээ үүдний дээр тавьдаг. Цагаан сарын шинийн нэгний өглөө айлын эзэгтэй эртлэн босож цай цүйгээ чанаж, идээ ундаагаа бэлдэхээс гадна бууз, баншаа жигнэнэ. Энэ өдөр эцэг эх, үр хүүхдүүд бүгд л шинэ дээл, гутал, малгай зэрэг хувцас хунараа өмсөнө. Гэрийн эзэн эхнэртэйгээ золгодоггүй. Учир нь монгол ёсонд эхнэр нөхрийг сэтгэл санаа, бие махбодиороо нэгэндээ бүрэн ууссан нэгэн ертөнц гэсэн ойлголт буй. Золгохдоо өнгө өнгийн хадаг барьж алгаа дэлгэн өөрөөсөө ах хүний тохойг түшин “Та амархан сайн байна уу?” гэж хүндэтгэн баруун, зүүн хацар дээрээ үнсүүлдэг. Хээр гадаа хоёр морьтой хүн хоорондоо золгохдоо баруун талынхаа дөрөөг мултлан золгох нь ч бий. Айл болгон тарган хонины ууц, үхрийн өвчүүгээр таваг засч, дал, дөрвөн өндөр, хонины чанасан толгойг шар, цагаан тосоор чимэн тавина. Сондгой тоогоор өрдөг учир нь жаргал-зовлон-жаргал гэсэн философи сэтгэлгээний гинжин хэлхээ юм. Жаргалаар эхлээд жаргалаар өндөрлөж байгааг анзаарахад төвөггүй. Айлд ирсэн зочин гийчинд хүүхэд настан гэлтгүй бүгдэд нь бэлэг өгдөг. Бэлгэнд боов, чихэр, чанасан мах өгөхөөс гадна дээлийн торго, хувцас хунар өгөх нь ч бий. Бас айлын хайртай хүүд морь, хонь зэрэг мал зүсэлж өгдөг. Шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө зүг чигээ гаргах ёслол болдог. Ойрын уул, овоон дээр гарч, бай буудаж ангийн хийморио дуудахаас гадна тэнгэр хангайд сацал өргөж, сайн сайхан амьдрал тэтгэхийг хүсдэг. Цагаан сар нь цагийн сайхан хавар айлчлан ирж буйг илтгэсэн малчин Монголчуудын хамгийн том баяр билээ.

“Монголын нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь энэхүү Цагаан сарын баярыг Монголчууддаа болон гадаадаас ирсэн зочдод зориулж 2008 оноос эхлэн жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ.

2011-07-03, 18:34
     Гэр бүлийн уур амьсгал бол таны амьдралын суурь үндэс билээ. ...