“Акума” төвтэй аялал жуулчлалын Алтан гурвалжин

Та жилдээ нэг шинэ газар нутгийг үз!

Ардын уран зохиолч П.Бадарч : Аялал жуулчлал бол арга билгийн эвцэл юм. 

“Акума” төвтэй аялал жуулчлалын Алтан гурвалжин

Аялал жуулчлал бол арга билгийн эвцэл юм. Арга эвээр алс холыг алжаалгүй туулж бие болоод сэтгэлээ билиг оюунаар гэгээрүүлнэ хэмээсэн утга юм. Бас судар номд:  –Та жилдээ нэг шинэ газар нутгийг үз! гэжээ. Эс тэгвээс таны сэтгэлгээ зогсонги байдалд чулуужина гэсэн утга юм. Тийн ахул, “Акума” төвтэй аялал жуулчлалын Алтан гурвалжин таньд ямар зам зүгийг зааж юуг үзүүлэхээ санал болгон урьж байна вэ? Доор өчсү!


Аялалаа та “Акума”-гаас эхлэх үү.

Монгол хүмүүн таны угийн бичиг, удмын судар, ургийн хэлхээг тодруулагч, хүн төрөлхтний бичиг соёлын гайхамшигт дурсгал “Монголын Нууц Товчоо”-гоор нэрлэсэн, жинхэнэ Монгол үндэсний хэв шинжит, цайллага дайллагын их танхимд /MSH ресторан/ та морилно уу! Энэ нь гурван зуун хүмүүн зэрэг цайлж дайлах их өргөө агаад, зэргэлдээх том танхим ану 10-20 хүн хийгээд 200 хүн их бага хуралдай чуулж болох аварга цацар бөлгөө. Эндхийн унд хоол, урлаг чимэглэл, үзүүлэх наадаан цэнгэл нь цөм нүүдэлчдийн өвөрмөц соёлыг ханхлуулан харуулах ажаам. Та Улаанбаатартаа энэ бүхнийг үзэж мэдрэх боломжтой.

Чингисийн баатрууд тосох их хаалга таны өмнө цоожгүй агаад гоо хатад үйлчлэх цэлгэр танхим цуургагүй билээ. “Монголын Нууц Товчоо”-нд тавтай морилогтун.


“Нууц Товчоо”-ноос “Монголын Нууц Товчоо”
руу мордохтун!


Бяцхан дурсамж бичиглэсү! “Акума” төвтэй “Алтан гурвалжин” –гийн эзэд нь миний нутгийн хүүхдүүд Ж.Баттулга, С.Ундармаа /гэргий нь/ нар билээ. 2005 оны дэлгэр намрын сүүл сард Тулгаа, Ундраа хоёр маань, Ардын зохиолч Д.Пүрэвдорж, Ардын зураач Ч.Гунгаасүх бид гурвыг “Монголын Нууц Товчоо” цогцолборынхоо нээлтэд урьсан билээ. Энэ цогцолборыг эхлэх цагаас нь бид гурав идэж уусан минь их ч, эрхгүй хэрэгтэй хэрэггүй илүү үг, элдэв санаа оноо яншилсан минь багагүйн учир уригдсан шалтгаан ийм билээ. Жишээ нь: Энэ цогцолборт 7 цагаан цомцог гэр, долоон бурхан одны байрлалаар байх агаад долоон од дор бүрнээ нэртэй, долоон гэр, бас оддын нэртэй, жишээ нь Д.Пүрэвдорж бид хоёр тахиа, туулай жилтэй тул бид хоёрын эрхшээсэн од нь “Тэнгэрийн хас” тул энэ одны нэртэй гэрт тухлах учиртай болой. Хэрвээ та хулгана жилтэй бол “Тэнгэрийн орчилго” одны нэртэй гэрт буух гэх мэт сонин содон учрал “Монголын Нууц Товчоо” цогцолборт буй. Бас энд “Номын шар өргөө”-нд орохуй эрт эдүгээгийн гайхамшигт ном судрыг үзэхийн сацуу Монголчуудын эртний эд өлөгтэй танилцаж ёс заншлын мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. Их хүрээнээс умар зүгийг барин давхи! Та цагийн дараа энэхүү гайхамшигт цогцолборт дөрөө мулталж “Долоон бурхан од”-ны аль нэгэнд тухлах болноо.


Онгийн Нууц-д нэвтрэхүй


“Тэмээ морийг хүлэглэн Тэнгэрийн хязгаарт хүрмой” хэмээн эртний сударт өгүүлжээ. Чухам л тэнгэрийн хаяанд ирлээ гэмээр, Монгол нутгийнхаа харж ханашгүй үзэсгэлэнт байгаль Говьдоо очихын хүсэл тань  оргилно уу! Та тийн  аваас номын авшиг, домгийн цомнолт Онгийн гурван хийдэд морилно уу. Онгийн хийдийн тухай, Өвөрлөгчийн Баарин гэвш Дармабалаагийн туурвил “Их Монгол оронд дээдсийн ном ямар мэтээр дэлгэрсэн ёсыг тодорхой өгүүлэгч цагаан лянхуайн эрихэс”-д өгүүлснээр бол, Онгийн гурван хийдийг “Судар тарнийн увидасын санг баригч бөгөөд олон номыг зохиосон ба орчуулсан их эрдэмтэн Брагри Дамцагдорж санаачлан бариулсан” гэжээ. Энэ газар нутаг тэгвэл ном тарнийн абшиг шингэсэн байхнээ. Дундговь аймгийн Сайхан-Овоо сум, Онгийн хийдийн туурийн дэргэд байгуулсан “Онгийн Нууц” хэмээх жуулчны бааз аялагч таны сэтгэлд нийцэх нь дамжиггүй ээ. Олон сонин зүйлийг үзэн баясаж, өвөрмөц тогтоцтой говийн байгальд та тавтай амраарай.

Эрхэм аялагч таны, та бүхний алтан шар замд ашид амгалан, олз омог, гэгээн дурсгал, гэрэлт мөрөөр дүүрэн байхын ерөөл өргөе. Хүний дээдийг ханилан байж мэдээрэй, Хүслийн дээдийг яван байж гүйцээрэй.

                                                                              

               Аялалд хөтөлсөн, Ардын уран зохиолч П.Бадарч

2014-04-16, 11:09
     Гэр бүлийн уур амьсгал бол таны амьдралын суурь үндэс билээ. ...